(MONGWBL) төслийн оролцогчдын чадавх бэхжүүлэх "Ажлын байранд суурилсан сургалтын санхүүжилт ба чанарын баталгаажуулалт" онлайн сургалт

“Төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор монголын дээд боловсролын тогтолцоонд ажлын байранд суурилсан сургалтыг нэвтрүүлэх” (MONGWBL) төслийн оролцогчдын чадавх бэхжүүлэх "Ажлын байранд суурилсан сургалтын санхүүжилт ба чанарын баталгаажуулалт" онлайн сургалт болж байна. Сургалтыг Румын улсын Транселваны их сургуулийн профессорууд, Герман улсын Эдийн засаг хуулийн сургуулийн профессор нар удирдан явуулж байна. Энэхүү сургалт нь төслийн түншлэгч байгууллагуудын ажилтнуудын чадавхыг бэхжүүлэх зорилготой юм.

Чадавх бэхжүүлэх сургалтад Герман улсын Эдийн засаг хуулийн сургууль, Францын Лионы их сургууль, Румын Транселваны их сургууль, Грек улсын Македоны их сургууль, Монгол улсын Боловсрол, Шинжлэх ухааны яам, Отгонтэнгэр их сургууль, Хөдөө аж ахуйн их сургууль, Санхүү эдийн засгийн их сургууль, Соёл урлагийн их сургууль, Дорнод их сургууль, ажил олгогчдыг төлөөлж Төрийн банк, Голомт банк, Монголын аялал жуулчлалын холбоо гэсэн аж ахуйн нэгж байгууллагууд оролцож, харилцан туршлага солилцож байна. Мөн бусад их дээд сургуулийн багш нар оролцож байна. 

Төслийн энэ удаагийн сургалтаар Ажлын байранд суурилсан сургалтын жишиг хөтөлбөр, түүний санхүүжилт, чанарын баталгаажуулалтын талаарх үзэл баримтлал, цаашид хийх ажлууд, сайжруулах санал, эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээрх боловсруулсан баримт бичгийг танилцуулж, Европын их сургуулиудын оролцогчдын санал, зөвлөмжийг хэлэлцэж байна.